Барилгын технологийн Топ 10 инноваци

Барилгын орчин үеийн инновацийн технологиуд нь дүрслэн сэтгэхийн өвөрмөц гайхамшиг, шинжлэх ухааны судалгаа, туршилтын ажлын сүүлийн үеийн судалгааны үр дүн, мөн өвөг дээдсээс бидэнд уламжлан үлдээсэн үнэлж баршгүй мэдлэг, туршлагыг ашигладаг билээ. Хамгийн нийтлэг, өргөн хэрэглээтэй барилгын материал болох модноос эхэлье. Магадгүй модон материалаас одоо  шинэлэг зүйл гарах юм үлдсэн гэж үү гэдэг асуулт тавигдаж болно. Харин энэ шинэлэг бүтээлийг бий болгоход орчин үеийн шинэ технологи маш чухал ач хоболдолтой.

1.Хүнхэр бүтэцтэй, хадаас хэрэглээгүй барилгын технологи

ОХУ-ын Владивосток хотын Алс Дорнодын их сургуулийн эрдэмтэд хүнхэр бүтэцтэй орчин үеийн модон барилга зохион бүтээжээ. Энэхүү барилгад ямар ч хадаас хэрэглэхгүй барьдаг Эртний Оросын гар урчуудын арга хэрэглэсэн байна. Хамгийн гол нь бөөрөнхий каркасын модон хэсгүүдийг хооронд нь шинэ хийц бүхий түгжээ хэрэглэн холбосноороо онцлог болжээ. Модон хэсгүүдээс бүрдэх хүнхэр хийцтэй энэхүү барилгыг маш хурдан босгож болдог.

Өдгөө уг барилгыг тус улсын хэд, хэдэн хотод барих ажээ. Барилгын саланги хэсгүүдийг хооронд нь тусгай түгжээгээр холбох ба энэхүү түгжээ холбоос нь босоо болон хажуу талаас ирэх бүх ачааг хүлээн авч барилгын тогтвортой байдлыг хангана. Угсралтанд хэрэглэх деталиудыг өөрийн гэсэн онцлог бүхий “лего” хийцтэй маш нарийн хийх шаардлагатай гэнэ. Энэхүү байшинг зааврын дагуу ямар ч хүн угсарч, хурдан хугацаанд ”барьж” босгож болно. Өнөөгийн байдлаар Приморын хязгаарын нэгэн амралтын газарт хүнхэр хийцтэй уг байшинг барьж  “Снежок”  нэртэй  “экспресс кафе” ажилуулж олны нүдийг хужирлаж байна. Харин 12 м хийцлэл бүхий хоёр дахь  хүнхэр  барилга нь хоёр давхар, 195 м2 талбайтай юм

2.Модоор барьсан олон давхар барилга. /Их британи, Лондон/

Хүмүүс бид модон материалыг ганц, хоёр давхар барилга барихад хэрэглэхээс олон давхар барилгад хэрэглэдэггүй гэж үзэж түүнд дасал болсоор иржээ. Харин АНУ-ын зураг төсөл боловсруулагчид модоор 30 хүртэл давхар барилга барьж болно гэж үзэж байна. Таван үе наамал модон хавтгайлжаар 9 давхар, 30 метр өндөр орчин үеийн орон сууцны барилгыг орчин үеийн барилга угсралтын технологиор барьж босгосон байна. Энэхүү барилгыг Лондон хотод  барьсан бөгөөд нэгдүгээр давхарт нь офисс  бусад давхарт нь 29 айлын орон сууц байрладаг байна.
  

Энэхүү барилгын газрын түвшингээс дээшхи хэсгийг үндсэндээ нэг өргөх кран, цахилгаан отверткан багаж бүхий  5 ажилчин ажлын 28 хоногт багтааж барьжээ.

3.Модон орон сууцны Natur барилгын технологи /Австри/

Naturi технологи нь модон брусыг босоо өрж барилга барьдаг бүх туршлагыг судлан боловсруулсан  модон барилгын шинэ технологи юм. Инженер Георг Ганаус 10 жилийн туршид  модон барилгын өнгөрсөн ба одоо үеийн түүхэн туршлагыг судалжээ. Судалгааны ажлын үр дүнд шинэ технологи боловсруулан 2000 онд Австрийн Альфад Naturi технологиор анхны барилга барьжээ. Энэхүү анхны барилга нь одоо идэвхитэй амралтын бүсэд зочид буудлаар ашиглагдаж байна. Энэхүү  аргын гол зорилго нь төрөл бүрийн мод хэрэглэн дулаан тусгаарлагч хэрэглэхгүйгээр дулаан сайн хадгалах модон барилга барих юм. Гэхдээ барилгын ханын материал болох мод нь хэвтээ биш ургаж байгаа мод шиг босоо байрлалтай байхаас гадна модон брусүүд нь хаталтын ямар ч агшилт, суултгүй байх юм. Модыг босоо байрлуулснаар түүний даацын чанар их өндөр байх болно. Мөн  ямар ч цавуу хэрэглэхгүй. Брусүүд нь тодорхой хэлбэртэй, бие биетэйгээ тусгайлан боловсруулсан углуурга, хоног, ховилын системээр холбогдоно. Модыг суурь машинд оруулан  углуурга, хоног, ховилтой болгон хэлбэржүүлсэн, маш нарийн хэмжээтэй харуулдсан, мэргэжилтнүүдийн нэрлэж заншснаар "баланс" гэж нэрлэдэг технологи юм.

Углуурга ,ховилоор нь угсарсан байдал


Ингэж бэлтгэсэн материалыг барилгын ямар ч хэсэг хэрэглэж болдог онцлогтой. Модон хэсгүүд нь угсраатай байдалд хатах үед бие биендээ углуургагдан агшиж маш бөх бат, хөнгөн хийц болдог. Амьдралд нэгэнт бэлтгэсэн мод нь тухайн хэрэгцээт салбарын чанарын шаардлагыг хангахгүй учраас хаягдал болдог явдал түгээмэл. Тэгвэл энэхүү технологиор модон материалыг хаяагдал болгохгүйгээр бүрэн ашиглахад чухал ач холбогдолтой.

4.“Хог” гэж нэрлэгддэг хаягдал байшин болсон нь /БНХАУ, Цзянсу тосгон, Наньтун/

Хятадын архитекторууд хямд өртөгтөй орон сууцны барилга барих арга олжээ. Томоохон 3D принтерээр энэхүү үл хөдлөх хөрөнгийг босгожээ. Барилгыг 3D-гээр хэвлэх арга нь хэдийнэ олонд танигдсан. Харин “Winsun” компаний мэргэжилтэн, архитекторууд бүтээн байгуулалтын ажилдаа барилгын “хог”-ийг ашигласнаар хоёр асуудлыг зэрэг шийдвэрлэх боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, энэхүү төслийг хэрэгжүүлснээр барилгын “хог” дахин амилж хямд өртөгтэй барилга босох боломж бүрдсэн юм. Цаашид үйлдвэрлэлийн бусад төрлийн хаягдлыг хэрэглэх боломж ч бүрдэх гэнэ. Аврага том 3D принтер нь 150х10х6 метрийн хэмжээтэй хүчин чадал ихтэй учраас хоногт 10 байрыг хэвлэж чадах  юм байна.  

Гэхдээ энэ аврага принтер барилгын зөвхөн гадна хайрцгийг босгох ба дотор хамар ханыг сүүлд нь гараар босгох юм. Энэхүү арга нь одоогийн нөхцөлд тулгамдаж байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ. Иймээс тун удахгүй энэхүү принтерийг барилгын хог хаягдлыг боловсруулж түүхий эд  бэлтгэн, хангах зориулалттай олон зуун үйлдвэр бий болох юм байна.

5.Био хуванцараар байшин “хэвлэнэ” /Амстердам, Голланд/

“Dus Architects” компани био хуванцараар 3D принтер хэрэглэн орон сууцны барилга барих төсөл боловсруулжээ. “KarmaMaker” нэртэй принтер хэрэглэн био хуванцараар энэхүү барилгын ханыг  босгох бөгөөд барилгын 3 метр хажуу хананд бусад хана болгон “лего” хэлбэрээр  холбогдох юм байна. Хэрэв тухайн үед барилгын өрөө, тасалгааны байршлын өөрчлөлт хийх шаардлага гарвал нэг хэсгийг нөгөөгөөр нь сольж болох гэнэ.
 

 Барилгад “Henkel” компаний боловсруулсан ургамлын тос, микрофибрийн хольцоор хийсэн биопластик хэрэглэдэг. Харин барилгын суурийг хөнгөн бетоноор хийх ба барилга нь тус, тусдаа  30 өрөөнөөс бүрджээ. Энэхүү технологи нь барилгын үйлдвэрлэлийг бүхэлд нь өөрчлөх эхлэл ч байж болох юм.

6.Уян бетон

Сингапурын Нанъяны технологийн их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн профессор Чу Цзян тэргүүтэй хэсэг эрдэмтэн зарчмын хувьд шинэ төрлийн бетон гарган авчээ. Ердийн бетон нь бат бэх өндөр бөгөөд түүний гулзайтын бат бэхийг нэмэгдүүлэх зорилгоор арматурчилдаг билээ. Гэхдээ бетоны хэврэг чанар нь түүнийг арматурчилсан ч арилдаггүй бөгөөд гузайлтын хүчний нөлөөгөөр ан цав үүсч улмаар эвдрэлд хүргэдэг. Нөгөө талаас үзвэл төмөрбетон хүнд жинтэй учраас түүнийг тээвэрлэх, ачих, буулгах, угсрахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл Сингапурын эрдэмтдийн бүтээсэн шинэ төрлийн уян чанартай бетон бат бэх сайтай, элэгдэлд тэсвэртэй, бас бетоны найрлагын онцлогоос хамаарч их хэмжээний гулзайтын хүчийг  тэсвэрлэх чадвартай болжээ. Стандартын шаардлага хангасан элс, дайрга, цемент бүхий хольцонд маш нарийн ширхэглэг полимерэн утаснуудыг жигд тарааж хийж өгснөөр  нимгэн, хөнгөн хавтангууд бэлтгэх боломжтой.


Ингэж гаргасан бетоныг металлтай адилтгаж байна. Энэхүү уян бетон үрэлтэнд тэсвэртэй учраас ирээдүйд хөдөлгөөн ихтэй зам талбайд чухал хэрэгцээтэй материал болно. Уян бетоноор бэлтгэсэн хавтангуудыг стенд дээр туршсан үр дүнгээс үзэхэд энэхүү материал нь маш уян чанартай физик үйлчлэлд тэсвэртэй болох нь нотлогджээ.
Энэхүү шинэ материалыг бүтээхэд  энгийн хясаа (дун) тус болжээ. Олон төрлийн эрдэс бодис  хясааг уян хатан чанартай болгодог байна.Тийм ч учраас бетонд  энэхүү  эрдсүүдийг нэмэлтээр хэрэглэж уян хатан чанартай болгож чаджээ. Шинэ төрлийн энэхүү бетон нь гайхалтай уян хатан,  хагаралд тэсвэртэй бөгөөд жингийн хувьд 40-50 хувь хөнгөн болжээ. Ийм бетоныг  маш их хүчээр гулзайлгасан ч нумраад байхаас эвдрэхгүй. Газар хөдлөлтөд ч тэсвэртэй байж болох  гэнэ. Гулзайлтад туршихад түүнд  ямар ч хагарал, ан цав гараагүй бөгөөд түүний бат бэхэд нөлөөлөөгүй байна. Харин ачааг зайлуулсны дараа бетон буцаж хуучин хэлбэртээ шилжиж чаджээ.

7.Нүүрсхүчлийн хийн бетон /Канад/

Канадын “CarbonCure Technologies” компани нүүрсхүчлийн диоксидоор барьцалдуулсан бетон үйлдвэрлэх технологи боловсруулсан байна. Инновацийн энэхүү технологи нь хортой хаягдал болох нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах, барилгын салбарт томоохон хувьсгал ч болж мэдэх юм. Эхний ээлжинд газрын тос боловсруулах болон бордооны үйлдвэрүүдээс гарч буй хаягдал нүүрсхүчлийн хийг ашиглан бетон блокууд үйлдвэрлэжээ.

Энэхүү шинэ технологи  хэрэглэснээр  экологид аюулгүй, бат бөх, хямд өртөгтэй бетон эдлэхүүн үйлдвэрлэх гурван асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэж буйгаар томоохон ач холбогдолтой юм. 100 мянган бетон блок 100 мод нэг жилд шингээх хэмжээний нүүрсхүчлийн хийг шингээж хэрэглэдэг  байна.  
   
8. Галд тэсвэртэй сүрлэн барилга

Дэлхийн бараг бүх  оронд  орчин үеийн технологиор сүрэл ашиглан барьсан барилга их. Ийм барилга нь дулаан, тохитой, найдвартай, цаг агаарын үйлчлэлд тэсвэртэй. Барууны орнууд strawbale-house гэж нэрлэх пресслэж шахсан сүрлээр барилга барих энэ технологи зарим оронд одоог хүртэл нэвтрээгүй. Сүрлийг сайтар шахаж прессэлснээр барилгын сайн материал болдог.


Гол нь байгалийн ховор сайн чанаруудад нь тулгуурлаж энэхүү материалыг бий болгожээ.Сүрэл нь маш сайн дулаан тусгаарлагч. Сүрлэн иш нь хоолой хэлбэртэй хөндий бөгөөд энэ хөндий чанар нь түүнийг дулаан мөн дуу тусгаарлах шинж чанартай болгодог. Сүрлэн барилга галд тэсвэртэй гэхэд гаж буруу сонсогдож магад. Харин сүрлийг шахаж прессэлсний дараа сайтар шавардлага хийсэн байхад галын аюулгүй бөгөөд 2 цагийн туршид задгай галын дөлөнд тэсвэртэй. Нэг тал нь шавардаагүй задгай байсан ч шаталт үргэлжлэхгүй. Шаардлагын хэмжээнд шахаж чадсан сүрлэн блок нь 200-300кг/м3  эзэлхүүний нягттай бөгөөд шаталт тэсвэрлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар металл болон төмөрбетон хосолмол каркастай таван давхар барилга сүрлээр барьсан хамгийн олон давхар барилга юм.

9.Газрын хөрс барилгын материал болно

Өнөөгийн түвшинд шинэ мэт харагдах зарим зүйл нь сайтар мартагдсан хуучин хэрэглээ юм. Үүний нэг нь хөрсөөр барьсан барилга юм. Хөрсийг барилгын тулгуур хийц болон хананд хэрэглэх болсон.

Хөрс нь чийг сайн тэсвэрлэх бөгөөд суултанд бараг орохгүй. Хэрчсэн сүрэл болон бусад энэ төрлийн материалыг нэмэх замаар дулаан хадгалах чанарыг сайжруулж болдог. Барилга бариад хэдэн жил өнгөрөхөд бетон шиг хатуурч бат бэх өгдөг. ОХУ-ын Гатчинд хөрсөөр барьсан  барилга олон жилийн  эдэлгээ дааж одоог хүртэл ашиглагдаж байна.

10.Өнгө зүсээ хувиргадаг тоосго /ОХУ/

Копейн тоосгоны үйлдвэр 2003 оноос үслэг цэмбэ шиг өнгөлгөөтэй, гэрлийг гадаргуудаа  шингээх чанартай болсноор хилэн шиг харагдах өнгөлгөөний тоосго үйлдвэрлэж байна.

Металл цойзоор тоосгоны гадаргууд маш нарийн атираатсан ховил гаргаснаар үслэг цэмбэтэй төстэй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Тоосгоны гадаргууд тусах гэрлийн тусгалын өнцөг өөрчлөгдөх, нарийн зурвас ховилын гүн, гэрлийн хэмжээ өөрчлөгдөхөд тэдгээрийг дагаж  тоосгоны өнгө, байдал ч өдөрт олон янзаар өөрчлөгддөг байна. Хээ, төрөл бүрийн хэлбэртэй өрлөгөнд  ердийн гялгар гадаргуутай өнгөлгөөний тоосготой хослуулан өрөхөд энэхүү тоосгоны онцлог нь бүр тодорч зохицдог байна.