БУЛГАН АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713 төслийн” хүрээнд Булган аймгийн төв Булган хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ сарын 6-нд албан ёсоор эхлүүлээ.

Нээлтэд Булган аймгийн засаг дарга З.Батзориг, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн дэд бүтцийн төслийн ахлах мэргэжилтэн Б.Туул, төслийн зохицуулагч Б.Оюун, “ЗАГ инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ононтуул, НААҮ-ний “Булган мээж” ХХК-ийн захирал Д.Очирбат, иргэдийн төлөөлөл, бусад албаны хүмүүс оролцлоо.

Биологи цэвэрлэгээний технологи ашигласан тус байгууламжийг ашигласнаар цэвэрлэгдсэн усны үндэсний MNS4943-2011 стандартыг хангах боломжтой болж байна. Улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх төслийн үндсэн зорилго биеллээ олж байгаа юм. Цэвэрлэх байгууламжийг аймгийн төвийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3000 м3/хоногийн хүчин чадалтай байхаар тооцсон бөгөөд цаашид ачааллыг тохируулан ажиллах боломжтой юм.

Ажлыг дотоодын “Заг Инженеринг” ХХК-аар ахлуулсан түншлэлийн баг гүйцэтгэх ба 2020 онд ашиглалтад хүлээлгэн өгч, туршилт тохируулгын ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

Төслийн хүрээнд Сүхбаатар, Булган, Хэнтий, Дундговь, Хөвсгөл аймгийн төвд цэвэрлэх байгууламж барихаас гадна нийтийн аж, ахуйн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, боловсон хүчин, төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах цогц ажил хийгдэнэ.

Төслийг аймгуудад анх удаа Монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл зохион, нэг  маягийн зураг төслөөр гүйцэтгэж байгаагаараа онцлогтой.