Хийморь хотхоны чанх урд цэцгэн эрхт бурханы цогцолборыг байгуулахаар боллоо

“Цэцгэн эрхт Ловон бурханы хөшөө” байгуулна

Нийслэлчүүд Богдхан уулын Чандманы амыг эртнээс Хийморийн овоо хэмээн нэрлэж ирсэн. Иргэдийн шашин, соёлын уламжлалыг алдагдуулахгүйгээр сүрлэг шүтээн тахилын оронг байгуулах, үйлчилгээ бий болгох, мод ургамал тарих, ойжуулах, зам талбай байгуулах зэрэг орчин цагийн хөгжилд нийцүүлсэн ажлуудыг хийх замаар хөгжүүлэх, эзэнжүүлэх, хамгаалах шаардлагатай байгаа юм.

Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа сурталчлах юм. Цэцгэн эрхэт хэмээн нэрлэгддэг Бадамсамбуу бурхан нь цөвүүн цагийн хорлол бүхнийг амирлуулах, ялангуяа харийн аюулаас гэтэлгэхэд аньстай хэмээн монголчууд эртнээс шүтэж иржээ. Тиймээс Улаанбаатарчуудын сахин хамгаалах бурхан, хийморио бадраах шашин номын зан үйлийг ёсоор нь сэргээн мөргөлийн сүм, хүүхэд залуучууд ахмад настаны амарч зугаалах уламжлалт соёл орчин цагийн ногоон байгууламж хосолсон цогцолбор бүтээх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.