Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Сасакава энхтайвны сан”-гийн дэмжлэгээр 2013 онд Техник Технологийн Дээд сургуульд “Коосэн” хөтөлбөрийн загвар анги нээсэн юм. Улмаар 2014 онд “Монгол Коосэн” Технологийн коллеж байгуулагдаж, анхны оюутнаа элсүүлсэн билээ.
“Коосэн” сургууль нь инженерийн боловсрол олгодог дээд боловсролын байгууллага бөгөөд бусад их, дээд сургуулиас ялгаатай нэг онцлог бий. Энэ нь дунд сургууль төгсөгч буюу 15 настай хүүхдийг элсүүлдэг. Коосэнд 15 настай хүүхэд элсэж ороод, 5 жилийн хугацаанд инженерийн мэргэжлээр суралцаж, 20 настай инженер болон бэлтгэгдэж гарна. Коосэн нь өөр улс, оронд байдаггүй гагцхүү Японд л байдаг боловсролын өвөрмөц тогтолцоо юм.
Манай оюутнууд их, дээд сургуулийн оюутны дунд болдог “Робокон”, “Ган гүүр”, “Автомат робот”-ын тэмцээн, Японы их, дээд сургууль болон коосэн дунд зохион байгуулагддаг “Дизакон”, “Айдиатон”, “Коосэн форум”, “Глобал Пи Би Эл” зэрэг уралдаан тэмцээн, хамтарсан судалгаа, семинарт идэвхтэй, амжилттай оролцож байна. Мэргэжлийн хичээл, сургалтаас гадна япон хэл, соёлыг шимтэн судалж, “Япон хэлээр хэн сайн дуулах вэ?”, “Япон хэлээр уран илтгэх”, “Япон хэлний ханз үсгийн наадам” зэрэг уралдаан тэмцээнд оролцдог оюутны тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.
Багш, оюутнууд туршилт, судалгааны ажилд тогтмол оролцож ирсэн. Тухайлбал, 2016 оны 9-р сараас эхлэн манай багш, оюутнууд ТНТ-тэй хамтран ISPA байгууллагатай хамтарсан “Сансарын тоосонцорын судалгаа”-ны агаарын бөмбөлөг хөөргөх туршилтын ажилд тогтмол оролцож байна.
2017 оноос эхлэн манай оюутнууд Монгол, Японы үйлдвэр, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн дадлага хийж эхэлсэн. Төгсөгчид маань сургуулиа төгсөөд Японы аж ахуйн нэгж, компанид инженерээр ажиллах урилга авч, Японы ахисан түвшний сургуулиудад амжилттай суралцаж байна